Thursday, March 2, 2017

Оюу толгойн 30 дахь буюу 2010 оны Санамж бичгийн хүрээнд олгож буй сүүлийн гадаадын тэтгэлгийг хүртэж буй энэ мундаг залууг Баасандоржийн Эрдэнэбаатар гэдэг. Түүний амжилтын нууцаас.

 Өнөөдөр эхэл, зургаан сарын дараа та өөртөө талархах болно!
Миний талаарх мэдээ ОТ faceboook page дээр тавигдсанаас хойш цөөнгүй хүмүүс зурвас илгээсний дийлэнх хэсэг нь зөвлөгөө хүссэн байлаа, тэдэн дундаас нэг зүйл ажигласан маань Англи хэлний Ielts, Toefl оноо авч гадаадад суралцах сонирхолтой залуус олон байдаг ажээ. Тиймээс тэдгээр хүмүүст зориулаад өөрийн багахан туршлагаас хуваалцахаар энэхүү товчхон нийтлэлийг бичиж байна. Уг нь хайгаад үзвэл надаас мундаг хүмүүсийн цэгцтэй зөвлөгөөнүүд Монгол болон Англи дээр арвин бий л дээ, гэхдээ үүнийг бичиж буй зүйлээ хожим хараад өөрийгөө дүгнэх боломж гэж бас харж байнаа.

Хэл сурах нь хэдийгээр төвөгтэй цаг авсан ажил ч гэлээ хэрэгцээгээ мэдэрсэн цагт бас ч зугаатай ба хүнд олон чадваруудыг суулгадаг юм шигээ. Миний хувьд Ielts-д бэлдсэнээрээ дан ганц дүрэм үзэж үг цээжлэхээс гадна мэдээллийг хурдан хугацаанд гүйлгэж унших, асуусан асуултыг зөв ойлгох, аливааг туйлшралгүй хоёр талаас нь харах, өгөгдсөн зураг болон хүснэгтэн мэдээллийг утгийг нь алдагдуулалгүй тайлбарлаж бичих гээд олон чадваруудыг тодорхой хэмжээнд эзэмшсэн. Мөн том зорилготой түүнийхээ араас тууштай явж чаддаг олон арван мундаг залуустай танилцан нөхөрлөж тэднээс суралцах боломжийг олсон маань энэ шалгалтад бэлдсэний үр дүн. Мэдээж хамгийн том үр дүн нь Оюу Толгой компаний гадаадын тэтгэлгийг хүртэж Австралид суралцахаар болсон маань.

Хэрвээ та англи хэлийг сурахаар шийдэн цаг болон санхүүгээ зориулж байгаа бол зорилготой хичээллэхийг зөвлөж байна. Жишээ нь би зургаан сарын дараа Ielts-н 7 оноо авна гэдэг ч юмуу/ миний өөртөө тавьж байсан зорилго/. Эхний удаад та магадгүй 6 оноо авч болох байх л даа, гэхдээ ямар нэг шалгалтад системтэйгээр бэлдсэнээрээ миний дээр дурдсан чадваруудыг эзэмшихээс гадна урсгалаараа явсан хэн нэгнээс хавьгүй сайжрах болноо. Toefl, Ielts гэх шалгалтуудаа сайн ойлгохгүй байгаа бол http://www.ikon.mn/n/nxd үүнийг уншаарай суурь ойлголттой болно.
Угаасаа амар ажил гэж ховор, харин хийж буй зүйлдээ дурлах нь таныг стрэсс багатай байлгах байх. Юутай ч хий хоосон зүйлд цагаа үрээгүй шүү, үүнийг сурснаараа зорилгодоо хүрэхэд маань надад үнэхээр хэрэг болно гэсэн хандлагаар хичээллэвэл өглөө эрт босч байгаа чинь амархан болж, зурагт үзэж Facebook орон өнгөрүүлж байгаа хугацаа аяндаа хайран санагдаж эхэлнэ. Ганцаараа бэлдэх нь уйтгартай байвал сургалтын төв/төлбөртэй/ болоод гадуур үнэгүй байдаг Speaking club-уудаар явахыг санал болгоё, та тэдгээр газруудаас адил зорилготой найзуудтай болох ба адаглаад арга барилаа олоход чинь тэдгээр газрууд тусална.

Онооны тухайд бол IELTS-н шалгалт 9 хүртэлх оноогоор дүгнэгддэг ба наанадаж 6.5 оноотой байж та гадагшаа сурах боломжтой юм/ Азийн голдуу зарим сургуулиудын босго оноо үүнээс арай доогуур байх нь бий/. Жилд хоёр орчим сая хүн Ielts өгдгөөс 2015 оны байдлаар их сургуульд тэнцэхийн тулд шалгалт өгсөн хүмүүсийн 9% нь 7 оноо авсан байгаа бол 3% нь 8 оноо авжээ. Нэг сонин зүйл нь эх хэл нь Англи хирнээ тултал авсан нь зөвхөн 1% байх юм. Эндээс харахад дүрэм, үгийн сангаас гадна нөгөө хэдэн чадвар шаардагдаад байгаа биз. https://www.ielts.org/teaching-and-research/demographic-data дэлгэрэнгүйг эндээс хараарай.
Toefl-н талаар яагаад ярихгүй байна вэ гэхээр энэ шалгалтад хэсэгхэн бэлдэж байсан авч шалгалтаа өгч байгаагүй тиймээс таамаглаж чадахгүй нь, хэрэв та энэ шалгалтын талаар сонирхож байвал https://www.ets.org/toefl линкийг мөн ашиглаарай.
Миний хувьд IBT /www.educenter.mnсургалтын төвд зургаан сар явсан ба орчин болоод хичээлийн чанар үнэхээр их таалагдсан. Хувь хүн өөрөө хичээвэл сайн сурч болохоор газар, надаас өөр олон оюутнууд Ielst, Toefl-н сайн оноо авсан. Ielts-д бэлдэхдээ эхний гурван сард дан дүрэм болон үгийн сан дээрээ төвлөрсөн ба дараагийн хоёр сард нь стратеги, нөгөө яриад байгаа чадварууд дээрээ төвлөрсөн. Хамгийн сүүлийн нэг сард жишиг тестүүд ажиллаж өөрийгөө шалгалтдаа дасгаж эхэлсэн. Тэгээд шалгалтаа өгөхөөс арваад хоногийн өмнөөс нэг хэвийн 7 гэсэн оноон дээр тогтсон доо. Анх удаагаа өгөхөд мэдээж сандарсан, аль сайнаараа хийхийг зорьсон ба яг бэлтгэл дээрх оноогоо авсан.

Одоо IELTS-н шалгалтын үндсэн 4 хэсгүүд дээр хэрхэн бэлдэж байснаа хуваалцъя. Өөрийн туршлагаас харахад аль болох өдөр бүр дөрвөн хэсгүүддээ бүгдэд нь цаг зарцуулбал сайн!
СОНСОХ:  Шалгалт эхлэхдээ энэ хэсгээр эхлэдэг учраас эхлээд авч үзье. Багш маань хүүхэд хэлд орохдоо эхлээд сонсож байгаад дараа нь түүнийгээ дууриан үгийг хэлэх гэж оролдсоор аажимдаа ярьж сурдаг гэж хэлж байсан. Гадаад хэл сурч байхад олон зүйл сонсоно гэдэг их чухал.

BBC зургаан минутын англи хэл гээд их хөөрхөн нэвтрүүлэг бий манайхан их сонсдог байлаа, бас зөндөө хэрэг болсон. http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/6-minute-english




Дуу сонсох, кино үзэх нь сонсголоо сайжруулах бас чухал хэрэглэгдэхүүнүүд юм. Автобусанд, дэлгүүр орохоор алхаж байхдаа эсвэл банканд оочирлож байхдаа хаана ч сонсголоо давтаад байх бололцоотой гэж ойлгосон, туршаад үзээрэй.

Ielts-н сонсох хэсэг 40 тестээс бүрддэг ба 20 орчим нь харилцан яриа болон лекц сонсоод үг нөхөж бичих байдаг. Заримдаа зөв сонссон атлаа шоглоомон дээр буруу бичих үе байна. Жишээлхэд та definitely гэж сонссон хирнээ defenitely гээд биччихвэл оноо алдана. Тиймээс зөв бичих тал дээр эхнээсээ анхаарвал зүгээр. http://grammar.yourdictionary.com/spelling-and-word-lists/misspelled.html
УНШИХ: Уншсан зүйлээ ойлгохын тулд зайлшгүй дүрэм хэрэгтэйгээс гадна өнөөх үгийн сан маань ихээхэн чухал! Тиймээс эхний гурван сарыг энэ хоёрт бүрэн зориулсан хэрэг. Өдөрт 100 үг цээжлэдэг гэхээр за энэ залуу ч үлээж байна даа гэж бодож магадгүй, хэрэв та эргэлзэж байвал http://www.newscom.mn/?p=42748&lang=mn үүнийг уншаарай.  Хүн бүр өөрийн гэсэн үг цээжлэх аргатай байдаг. Зарим нь төсөөллийн аргаар цээжлэж байхад бусад хүмүүс flashcard ашигладаг байх жишээний. Аль аль нь үр дүнтэй аргууд, http://www.tusgalt.com/news/more/398/ үүнийг бас сонирхоно бизээ!

Мэдээж ном унших нь хамгийн сайн дасгалжуулагч болдог. Тиймээс аль болох Англи хэл дээр ном уншихыг хичээгээрэй! https://sites.google.com/site/kogyikyawarakan/ebooks-download/english-penguin-ebooks энэ их гоё вэб сайт, таны хэлний түвшин ямарч байсан танд унших ном олдоно, түвшингүүдээрээ ангилагдчихсан. 

Миний хувьд доорх цэнхэр номын бүх сэдвүүдийг орчуулж байсан ба өгүүлбэрийн бүтцээс нь хамааруулан өөр өнгүүдээр ялган будаж нүдэндээ дасгадаг байлаа, давхар мэдэхгүй байгаа үгсээ цээжилнэ /энэ миний зохиосон арга биш шүү, IBT төвийн бүх оюутнууд угаасаа ингэдэг/. Нэгэнт усан будгийн хичээл биш учраас гоё, чамин байхдаа гол биш нэг ч болов хэцүү өгүүлбэрийн бүтцийг ойлгохдоо анхаараарай...












                                                          

Хэл сурч буй хүний үнэнч нөхөр бол яах аргагүй толь бичиг байдаг. Эхэндээ Англи-Монгол толь бичиг хэрэглэж байгаад яваандаа Англи-Англи болгоорой. Мөн www.bolor-toli.com мэдээж хэрэглэж болно. Түүнчлэн http://dictionary.cambridge.org/ болоод https://www.merriam-webster.com/ эндээс мэдэхгүй үгсээ харвал жишээтэйгээ их ойлгомжтой байдаг.

БИЧИХ:
 Бичиж сурахын тулд эхлээд маш олон эссэ уншиж, дараа нь түүнийг дуурайлган бичих, бүр болохгүй байвал хуулан бичих замаар өөрийн арга барил болоод тогтсон үг хэллэгүүдийг олж авсан. Тиймээс дараах эх сурвалжуудыг санал болгоё!




Ielts-н бичих хэсэг маань өөрөө хоёр хэсэгт хуваагддаг ба нэг цагын дотор энэхүү хоёр task-г бичиж дуусгах ёстой байдаг. Тиймээс хувь хүнээс хурд болон цаг ашиглалтыг шаарддаг, та үнэхээр олон үг болоод дүрэм мэддэг байлаа гээд цагтаа амжиж дуусгахгүй л бол оноо алдана. Миний ажигласнаар цагт баригдахгүй тайван бичсээр тэр нь хэвшил болж, яг шалгалтанд орохоороо сандран дуусгаж амждаггүй хүмүүс байдаг. Шалгалтан дээр ийм байдалд орохгүйн тулд эхнээсээ цагтай бичиж сураарай. Мэдээж эхний удаад амаргүй байдаг, харин цагтай бичсэн зүйлсээ дараа нь цаг харалгүй тайван засварлаад үзээрэй. Энэ хэсэгт нь ийм үг хэллэг оруулж болох байсан байна, өө энд асуултаасаа тэс хөндлөн юм биччихсэн байна гэдэг ч юмуу аль болох өөртөө шударга байгаарай.
ЯРИХ: Хамгийн удаан хугацаа авч сүүлд хөгжсөн чадвар маань яалтгчгүй яриа, үнэндээ одоо ч сурах зүйл олон байгаа. Гэлээ гээд шантрах хэрэггүй шүү, оролдлого байгаа цагт ахиц гарч л таараа. Монгол оюутнуудын хувьд Азийн бусад орны хүмүүсээс бага зэрэг цэвэрхэн хэллэгтэй байдаг гэж манай нэг Америк найз хэлж байсан, тийм ч байх. Ичих гэдэг зүйлийг түр мартаад, аль болох англиар ярихыг хичээгээрэй, өөрөөс чинь сайн хүмүүс голоод ярьж өгөхгүй байвал ижил түвшиний найзтайгаа хамт бэлдсэн ч болно. /Хүн голоод ярьж өгөхгүй байвал сэтгэлээр унаад ЭМО-роод байваа, угаасаа тэр хүмүүс чамд өртэй биш шүү дээ!!!/Хамгийн гол нь Ielts шалгалтанд орж ирдэг түгээмэл сэдвүүдийн дагуу бэлдэж түүндээ тохирох үг хэллэг, хэлцүүдийг хайж олох хэрэглэх замаар шинэ зүйл сурах нь чухал шүү, түүнээс нэг сэдвээ улиг болтол давтвал хайран цаг.
[ https://www.youtube.com/watch?v=wzzOowpCryw жинхэнэ шалгалт иймэрхүү маягаар өрнөнө, шалгалтан дээрээ өөртөө итгэлтэй байж ярьж буй хүнтэйгээ инээмсэглэн харьцаарай!]

Бас энэ тэнд зохиогддог Speaking club-уудаар яваарай, суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байхаа.

  • 13 Papa cafe - Мягмар гариг бүр 18:00-20:00
  • 25 Shalom cafe - Пүрэв гариг бүр 16:30-18:30
  • Нацагдоржийн номын сан American Corner - Ням гариг бүр 12:00-14:00 /Миний явдаг байсан Speaking club-ууд, одоо өдөр болоод цагууд нь өөрчлөгдсөн байж магадгүй/
 Хамгийн зугаатай арга бол кино үзэх, дуртай киногоороо дамжуулж хэрэгтэй зүйлээ сурна гэдэг гайхалтай хэрэг. Хүмүүс олон ангит кино тэр дундаа Freinds үздэг, би ч гэсэн хааяа үздэг байлаа. Англи хэл дээр бүрэн эхээр нь үзсэн анхны кино маань Forrest Gump. Энгийн үг хэллэгтэй, бас манай Forrest гоё удаан ярина, хха. 

Бонус:
Өнөөдөр эхэл, зургаан сарын дараа та өөртөө талархах болно.
Залуустаа амжилт хүсье!!!

No comments:

Post a Comment